Tuesday, October 15, 2013

Ягаан өрөө

Тэр. Тэр сууж байна. Ганцаараа. Өрөөг толгойгоо эргэтэл эргүүлэн тойрч харна. Булангийн өнцөг байгаагүй бол эх захгүй ягаан ертөнцөд ороод ирсэн гэлтэй яв ягаан өрөө аж. Энхрий, ялдам, нялх хүүхдийг санагдуулам тэр бүдэг ягаан өнгийн өрөө. Бүдэгхэн ягаан учир арай ч галзуурмаар санагдахгүй аж. Яаж яваад энэ өрөөнд ороод ирснээ тэр санахгүй. Хаалга алга. Цонх алга. Гарах боломжгүй. Орох ч боломжгүй. Гарах ёстой ч гэж санагдахгүй. Энэ өрөөнд сууж байх л ёстой мэт, байгалийн жам мэт санагдаж байв. 
Тэр бол охин. Тайрмал үстэй. Намхан нуруутай. Унтлагын хувцас шиг биенд эвтэйхэн пудволка, шорттой. Хөл нүцгэн. Ягаан өрөөнд байгаагаа, цаашид байхаа ухамсарласан нэгэн. Цаашид яахаа бодож суулаа. Ямар ч эд хогшил, тавилга байхгүй учир шалан дээр, хоёр хөлөө тэврэн бээвийн суув. "Одоо яахав?" гэсэн бодол. Зурагдсан пянз шиг, гашилсан сүү шиг толгой дотор нь давтагдах асуулт. Хэр хугацаа өнгөрснийг мэдэхгүй. Гэхдээ тэр цаашид яахаа мэдсэн байлаа. Хүлээнэ. Тэр хүлээнэ. Яг өөр шиг нь хэн нэгэн гэнэт энэ өрөөнд ороод ирэхийг хүлээнэ. Хэн нэгэн ирнэ гэдэгт, түүнийг хүлээнэ гэдэгтээ тэр итгэлтэй байв. Хүлээнэ.
Хүлээнээ...

No comments:

Post a Comment