Миний бие анхнаасаа л Улаанбаатар хотод төрж,өссөн, одоо ч амьдарч байгаа. Гэхдээ сэргэлэн хөдөөний хүүхдээс дутахаар хотоо мэддэг юм шиг надад санагдах үе их бий. Багын дотогшоогоо, даруухан хүүхэд байсан болохоор гэр, сургууль гэсэн жимээр бага нас минь өнгөрч, хотын энд тэнд уулзая гэсэн хүсэлтэд "Хаана билээ тэр нь?" гэсэн асуултаар хариу барьдаг байв. Ээж минь намайг "хотын хөдөөний хүүхэд" гэж тэр бүрт нь шоглоно (манай ээж их шооч л доо). Оюутан насандаа харин их "зугаалсан" учир "алдаа дутагдал" минь арай дээрдсэн юм. Гэхдээ л миний мэдэхгүй газрууд, мэдэхгүй юмс их байгаа мэт санагддаг.
Саяхнаас би шинэ ажилд орсон бөгөөд ажил маань хотын баруун захад байрладаг. Өмнө нь хотын энэ хэсгийн тухай их товчхон ойлголттой байлаа. "Хол газар". Мэдээж гэрээсээ автобусаар хүрэхэд овоо хэдэн буудал явдаг учир ийм л дүгнэлттэй байсан юм. Гэхдээ хотын энэ тал өөрийн гэсэн давуу талтай байсан юм билээ. Өглөө нь ажилдаа явахад болон орой нь ажлаасаа харихад түгжрэл, замын хөдөлгөөн эсрэг чиглэлээ бодвол харьцангуй багатай. Тийм учир хол ч гэсэн гэртээ харихад хурдан очдог, автобусан дахь хүмүүсийн нягтрал багатай. Ийм шалтгаанаар хотын энэ хэсэгт албан газрууд оффисоо байрлуулж эхэлвэл зүгээр санагдсан.
Нэг гэм нь ийшээ үйлчилгээний газрууд багатай. Ажлаа тараад,эсвэл цайны цагаараа сайхан кофе ууя гэхэд ойрын 5 буудал кофе шоп байхгүй нь над шиг кофенд дуртай хүнд тиймхэн байгаа юм.
Өөр бас ажигласан зүйлс бий. Миний бие хот тохижилтын ах эгч нарт сүүлийн хэдэн жил их баярлаж яваа. Хотын өнгө зүс болсон ногоон тохижилтонд хичнээн их хөдөлмөр зарж байгаа нь нүднээ илхэн байдаг. Зүлэгжүүлэлт, цэцэг,цэвэрлэгээ гээд. Оюутан байхдаа сургуулийнхаа тэр хавь, харих замдаа таардаг цэцэгсийг хараад л өөрийн эрхгүй инээд алдан явдаг байсан бөгөөд одоо ч хотын зам дагуух цэцэгсийг үргэлж анх удаа мэтээр харах дуртай. Миний л ажигласнаар хот тохижилт хотын аль ч хэсгүүдэд зундаа харьцангуй ойролцоо болсон мэт санагддаг. Зүлэгжилт, цэцэгжүүлэлт, хог цэвэрлэгээнд хот тохижилтын ажилчид чадлаараа л их анхаарал тавьж, өнгө төрх сайтай үйлчилгээний газрууд ч бас их нэмэгдсэн. Хотын төвөөс эхлээд хотын зүүн зах хүртэл. /Баруун тал руугаа жаахан дутмаг/. Харин хамгийн харьцангуй ялгаатай зүйл нь тэр хэсгүүдэд амьдрах иргэд. Бид бүгд сайн мэднэ дээ,хотын төвд ямар ганган чамин хүмүүс явдгийг. Мэдээж аль ч газар хотын төв нь илүү тохижилт,үйлчилгээний газар сайтай, бас загварлаг бүс байдаг байх. Гэхдээ хотын захад байдал нилээд өөр байдгийг ажигласан. Хотын төвд нэг л их соёлч,боловсон хүмүүс байдаг бол зах руугаа болохоор гадаа автобусны буудлын хажууд газар бараа хогшил өрж тавиад зарж суугаа хүмүүс байна. Намайг гадны хүн шиг юугаа бичээд байгаа юм,хаа сайгүй ийм зүйл их бий гэж бодож байвал "уучлаарай,над шиг гэрээсээ хол явдаггүй хүмүүс бий. Тэд нар мэдээсэй" гэсэндээ ийм зүйл бичиж суугаа юм шүү.Тэгээд ч жил бүр шахуу өнгө төрхөө сольж,хурдацтай өөрчлөгдөж байгаа хотын маань өөрчлөлтийн нэг үе учир энэ байдал хэр хугацааны дараа өөр болсон байхыг мэдэхийг хүссэндээ тэмдэглэл болгож буулгалаа.
Улаанбаатарчууд бид стресс ихтэй,харах муухай зүйлс их байгаа ч сайхан нь бас ч олон юм шиг санагддаг. Өөр ямар ямар зүйлс сайхан санагддагаа дараагийн тэмдэглэлдээ бичье.Үүнийг уншиж буй танд бас сайхан санагддаг зүйлсээ бичиж үлдээхийг хүсч байна.